
Компьютер ярьдаг болох нь. Тэгэхдээ монгол хэлээр, эрэгтэй хүний цээл хоолойгоор урдаас чинь яриад эхэлбэл яах вэ. Энэ мөрөөдөл биш. ШУТИС-ийн хэсэг эрдэмтэд олон жилийн судалгааны үр дүнд компьютерийг монгол хэлээр ярьдаг систем зохиожээ. ШУТИС-ийн Холбоо мэдээллийн техникийн сургуулийн багш Б.Сүхбат “Монгол хэлний ярианы дифон синтезийн системийн судалгаа ба боловсруулалт” сэдвээр ШУТИС-ийн ректор, доктор, профессор Б.Дамдинсүрэнгийн удирдлага дор докторын зэрэг хамгаалсан байна.
“Ярианы синтез гэдэг нь хүний яриаг зохиомол, хиймлээр үүсгэх үйл явц аж. Сүүлийн үед компьютерийн тооцоолох хүчин чадал эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор нэгтгэх зарчимд суурилсан синтезийн арга эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд энэ нь нэгж сонгох синтез, дифон синтез, тусгайлан сонгож авсан үгийн сан бүхий синтез гэсэн гурван үндсэн чиг хандлагад тулгуурлан хөгждөг аж. Эдгээрээс бид дифон синтезийн аргыг сонгон монгол хэлээр ярьдаг компьютерын программ зохиосон” гэж Б.Батсүх багш ярилаа.
Энэ системийг ашиглан компьютерийн санах ойд байгаа бүх бичвэрийг яриагаар гаргах бүрэн боломжтой. Мөн хараагүй хүмүүс компьютероос бүх төрлийн мэдээлэл авч болно. Одоо тус сургуулийн эрдэмтэд яриа таних системийг судалж байгаа гэнэ.
“Яриа танихад хэрэглэгдэх монгол хэлний ярианы сангаа бид 6000 гаруй үгтэй өгүүлбэрүүдийг 10 хүнээр, өгүүлбэр бүрийг 10 удаа давтан хэлүүлэх замаар бүрдүүлнэ. Одоо давхардсан тоогоор 60 мянга гаруй үгтэй ярианы санг бүрдүүлэн, яриа танилтын туршилт хийж байна. Энэ ажил 90 гаруй хувьтай байгаа” тэрбээр өгүүлэв.
Ийм төрлийн системүүд техник, технологи өндөр хөгжсөн орнуудад эрчимтэй нэвтэрч, өөр өөрийн төрөлх хэлний ярианы дохиог судлан боловсруулж ярианы технологийн системүүдийг боловсруулан ашиглаж эхэлжээ.
Мэдээллийг http://www.blog.mn/savangiinduurisonirhogchd/?p=37 -с авсан
Comments